Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


АУТИЗМЫН ОНОШИЛГООНЫ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Мөнх-Oргил   
2015 оны 9-р сарын 22, Мягмар гариг, 06:21

Шинжлэх ухаан, техник технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломж өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гэвч шинжлэх ухаанд учир шалтгаан, гарах гарц нь тодорхойлогдоогүй элдэв эмгэг асуудлууд байсаар байна. Түүний нэг нь аутизм хэмээх эмгэг юм. Үүсэх шалтгаан нь өнөөг хүртэл тодроогүй, эрдэмтдийн хувьд маргаантай хэвээр байна. Манай оронд аутизм байж болзошгүй гэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх боллоо. Энэ нь аутизмын тухай мэдээлэл нийтэд хүрэх болсноор ойролцоо шинж тэмдэг бүхий тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотой юм. Гэхдээ ойролцоо шинж тэмдэг бүхий тохиолдлуудаас аутизмыг ялгаж оношлох нь чухал байдаг.

 

Аутизмын Эмгэгийн Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв болон Хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс гаргасан (2014) судалгаагаар 68 хүүхэд тутмын 1 нь Аутизмын хүрээний эмгэгтэй болох нь тогтоогдсон байна . Аутизмын хүрээний эмгэг нь арьс өнгө, үндэстэн угсаатан болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг. Аутизмын хүрээний эмгэг хөвгүүдийн дунд (42-т 1) илрэх нь охидын дунд (189-д 1) илрэхээс 5 дахин илүү байдаг үзэгдэл ажиглагддаг. Мөн эрдэмтдийн сүүлийн үеийн нэгэн судалгаагаар тухайн улсын нийт хүн амын 0,62% нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай . Энэ магадлалаар бол монгол улсад 18600 орчим хүн аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай байна.

Монголд аутизмтай хүүхэдтэй ажилладаг мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэгдээгүй байгаа ба түүнчлэн манай улсад аутизмын хүрээний эмгэгийн албан ёсны оношилгоо хийгдэхгүй байгаа билээ. Одоогоор аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд болон тэдний эцэг эхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны 2 байгууллагад давхардсан тоогоор 100 гаруй хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь албан ёсны оношгүй байгаа юм. Түүнчлэн оношлогдсон хүүхдүүд бүгд эмчилгээний сургалтад хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд бүгдэд нь хүрч ажиллах боломж одоогоор хараахан бүрдээгүй байна. Оношлогдсон хүүхдүүдэд зориулсан эмчилгээний сургалт, засал эрт эхлэх тусам хүүхдүүдэд үзүүлэх эерэг нөлөө сайн байх ба эрчимтэй сургалтын үр дүнд хүүхдүүд илүү хөгжих боломжтой юм. Тиймээс аутизмын чиглэлээр судлах, тэдгээр хүүхэдтэй ажиллах хэрэгцээ шаардлага судлаач бидний өмнө тулгарч байна. Аутизм гэдэг үг нь монгол хэлнээ “хүмүүсээс тасрах, өөрийнхөө бий болгосон ертөнцөд амьдрах” гэсэн утгыг агуулдаг . Австрийн сэтгэцийн эмч Лео Каннер оюун ухааны бэрхшээлтэй хэмээн оношлогдоод байсан боловч илэрхий өөр шинж тэмдэг бүхий 8 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхдэд ажиглалт хийжээ. Тэд зожиг, хэлд ороогүй мөн өвөрмөц давтагдмал зан үйл бүхий онцлогтой хүүхдүүд байв. Энэхүү ажлынхаа үр дүнд Л.Каннер “Нялхсын аутизм” хэмээх тодорхойлолт гаргаж ирсэн бөгөөд 1943 онд “Аутизмын зовиур” хэмээх эрдмийн ажилдаа дурдсанаар “аутизм” гэх нэр томьёо бий болжээ . Лео Каннер аутизмыг клиник хам шинжийнх нь хувьд анх дүрслэн бичиж, үндсэн 3 шинж тэмдгийг нь тодорхойлсон юм . 1960-аад оноос аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголтыг таниулах ажил эрчимтэй явагдаж эхэлжээ. Гэвч өнөөг хүртэл Аутизмын хүрээний эмгэгийн талаарх ойлголт боловсрол, эрүүл мэндийн салбар болон бодлого боловсруулах түвшинд хязгаарлагдмал хэвээр байна. Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь нийгмийн харилцан үйлчлэлийн дутмагшил, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшингээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг.

Аутизмын гол шинж нь

  • Нийгмийнхарилцаанд орох чадвар алдагдсан
  • Бусадтай харилцах үгэн болон үгэн биш харилцаанычадвар дутмаг
  • Нэгэн хэвийн давтагдмал зан үйл, үйлдэл хөдөлгөөн хийдэг. Сонирхол нь явцуу байх зэрэг үндсэн 3 шинжээр илэрдэг.

Аутизмын сэтгэц оношилгоо нь энэхүү 3 үндсэн шинж дээр тулгуурлан явагддаг байна. Аутизмын албан ёсны оношилгоог сэтгэцийн эмч, сэтгэл зүйч болон согог зүйч нар хамтран аутизмын хүрээний бусад эмгэгээс ялган оношилдог. Төстэй шинж тэмдэг бүхий бусад эмгэгээс ялган оношлохын тулд сэтгэцийн эмч нар DSM – V-ийн дагуу хийсэн ажиглалтаа сэтгэл зүйчийн ADOS (Autism Diagnostic Observation Schedule)-ийн дагуу хийсэн ажиглалт болон согог зүйчийн үнэлгээний дүгнэлттэй нэгтгэж эцсийн онош тавигдана . Хүүхдүүдийн оюун ухааны чадвар, зан үйл, нийгэмшил болон харилцааны чадваруудыг үнэлэхэд сэтгэл зүйч оролцдог. Энэхүү үнэлгээгээр тухайн хүүхдийн хөгжлийн түвшинг илрүүлдэг. Сэтгэл зүйчид нь аутизмтай хүүхдүүдэд хийх үнэлгээнд дараах зүйлсийн талаарх мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын ярилцлага болон хүүхдэд хийх ажиглалтын дүнд тодруулна .

Эдгээр нь:

  • Бие мах бодын холбоо харилцаанд үзүүлэх хариу үйлдэл;
  • Нэрээр нь дуудахад үзүүлэх хариу үйлдэл;
  • Харцаар холбоо тогтоох байдал, дохио зангаа болон нүүрний илэрхийллийг хэрхэн хэрэглэж байгаа байдал;
  • Айдас, түгшүүр болон дистрессийн онцгой түвшин;
  • Хэвшил болсон, бие махбодын давтагдмал хөдөлгөөн, байдал;
  • Хүсэлт болон хэрэгцээгээ илэрхийлж харилцах чадвар;
  • Өвөрмөц эсвэл тодорхой сэдэв, үйл ажиллагааг онцгой сонирхох байдал болон тоглоомын үйл ажиллагаа;
  • Хэвийн бус эсвэл давтагдмал үг яриа;
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар болон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх чадвар;
  • Бусад хүүхэд болон насанд хүрэгчтэй харилцах;
  • Өдөр тутмын нөхцөл байдалд дасан зохицох чадвар, тухайлбал, хэмнэл өөрчлөгдөх г.м.

Аутизмын оношилгоо нь хүүхдийн зан үйлийн ажиглалтад тулгуурлаж хийгддэг. Оношилгоо нь сэтгэцийн эмч, клиник сэтгэл зүйч зэрэг мэргэжилтнүүдийн багийн хамтын ажиллагаа бөгөөд тус тусын ажиглалт, туршилтын үр дүнг нэгтгэж онош тавьдаг. Дараах аргачлалуудыг түгээмэл хэрэглэдэг . Үүнд:

1. Хүүхдийн хөгжлийн түүх болон өвчний /эмнэл зүйн/ түүхэнд хийх анализ (CARS) болон Аутизмын оношилгооны Ярилцлага (ADI-R).

Хүүхдийн зан үйлийн тухай мэдээллийг цуглуулахад стандартчилагдсан арга хэрэгтэй байдаг. Түүний нэг болох CARS нь аутизмын эмгэгийг бусад хөгжлийн бэрхшээлээс ялгаж танихад тустай 15 төрлийн зан үйлийн зэрэглэлийг тогтоодог аргачлал юм. Мөн хөнгөн, дунд болон хүнд хэлбэрийн аутизм эсэхийг тодруулж өгдөг. Энэхүү аргачлал нь аутизмын оношилгооны алдартай 5 аргачлалын нэг бөгөөд зурган өгөгдөл хэрэглэгддэг. Өгөгдөл бүр хүүхдийн өвөрмөц шинж чанар, чадвар болон зан үйлийг илрүүлэхэд чиглэдэг. Хүүхдийн ажиглалт, эцэг эхчүүдээс авсан мэдээлэл болон бусад тэмдэглэлүүдийг нэгтгэж сэтгэл зүйч нь хүүхдийн эмгэгийн зэрэглэлийг тогтоодог. 7 зэрэглэлтэй байдаг бөгөөд тухайн судлуулагч хүүхдийн зан үйл нь ижил насны хэвийн хүүхдийнхээс хэр зэрэг өөрчлөлттэй байгааг илрүүлдэг.

Аутизмын Оношилгооны Ярилцлага (ADI-R) нь аутизм байж болзошгүй хүүхдийн эцэг, эхчүүдтэй ярилцлага хийдэг бүтэцчилэгдсэн ярилцлагын арга бөгөөд сэтгэл зүйчид хэрэглэдэг. Энэхүү ярилцлага нь хамгийн багадаа 18 сартай хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд нийгмийн харилцан үйлчлэл, харилцаа – хэл яриа болон зан үйлийн хэв маягийг үнэлдэг. Тус ярилцлага нь ойролцоогоор 1 – 2 цаг орчим үргэлжлэх бөгөөд хөгжлийн түүхийг бүхэлд нь хамардаг. Эцэг эх, асран хамгаалагч нь 93 асуултад хариулах бөгөөд аутизмын 3 гол шинжтэй холбоотой хүүхдэд сүүлийн үед илэрч буй зан үйлийн тухай асуултаас бүрддэг. Энэхүү аргачлал нь нээлттэй асуулт, харилцааны асуулт, нийгэмшил болон тоглох үйлтэй холбоотой асуулт, давтагдмал болон хязгаарлагдмал зан үйлтэй холбоотой асуулт, ерөнхий зан үйлтэй холбоотой асуулт гэсэн 5 хэсэгт хуваагддаг.

2. Аутизмын оношилгооны ажиглалтын хуваарь (ADOS) нь аутизмын хүрээний эмгэгийг оношлох хамгийн чухал аргачлал юм. ADOS-ыг АНУ-ын Сэтгэцийн эмч нарын холбооны Оюуны эмгэгийн оношилгоо, статистикийн зааварчилгаанд (DSM-IV-TR) заасан аутизмын үндсэн шинж чанаруудад тулгуурлаж боловсруулсан . ADOS нь аутизмын эмгэгтэй байх эсэх магадлалыг тогтоодог ба хөлд орж буй хүүхдээс насанд хүрсэн хүмүүс хүртэлх бүхий л насны, мөн хэлд ороогүй хүүхдээс эхлэн чөлөөтэй ярьдаг хүмүүсийг ч хамардаг. Энэхүү хагас бүтэцчилэгдсэн үнэлгээний аргачлалыг мэргэшсэн сэтгэл зүйч явуулах бөгөөд ерөнхий хөгжлийн эмгэгийн оношилгоотой холбоотой нийгэмшил болон харилцааны онцлогийг ажиглах замаар явагдана. ADOS нь 4 модультай, “модуль 1” нь холбоо үгээр ярьдаг эсвэл огт хэлд ороогүй хүүхдүүдэд зориулагдсан байдаг. “Модуль 2” нь холбоо үгээр ярьдаг боловч хараахан чөлөөтэйярьдаггүй хүүхдүүдэд зориулагдсан байдаг бол “модуль 3” нь чөлөөтэй ярьдаг хүүхдүүдэд зориулагдсан. Харин “модуль 4” нь чөлөөтэй ярьдаг өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулагдсан байна. Гэхдээ энэхүү аргачлалаар ярьдаггүй өсвөр насныхан болон насанд хүрэгчдийг судлах боломжгүй байдаг.

3. Оюун ухаааны тест /WPPSI-III or WISC-IV/. Сэтгэл зүйчид нь мөн хүүхдийн оюун ухааны хөгжлийн үнэлдэг. Сэтгэл зүйчид нь аутизмын хүрээний эмгэгийн талаар туршлагатай байхыг шаарддаг бөгөөд хүүхдийн зан үйлийн талаар зохих тайлбарыг өгөх шаардлагатай болдог. Сэтгэл зүйн үнэлгээ нь хүүхдийн цаашдын эмчилгээний хөтөлбөр болон сургалтыг хэрхэн чиглүүлэх тухай ач холбогдол бүхий мэдээллийг боловсруулдаг.

4. Хэл яриаг ойлгож хүлээн авах болон илэрхийлэх үйлийн үнэлгээ. Хүүхдийн хэл яриаг ойлгох болон илэрхийлэх чадварыг үнэлэхэд зурган аргачлал ашигладаг. Үгэн болон үгэн биш /дохион зангаа хэрэглэх болон биеийн хэлэмж унших/ харилцааг аль алиныг нь судалдаг. Ихэнх хүүхдүүд прагматик хэл ярианы чадвараа үнэлүүлдэг. Прагматик хэл ярианы чадвар нь хүүхдүүд бусадтай харилцахдаа үг болон дохио зангааг хэрхэн үр дүнтэй хэрэглэж байгаа чадвар юм. Хүүхдийн харилцааны чадварын үнэлгээ нь амны хөдөлгөөн болон хэл ярианы хөдөлгөөний системийн дэлгэрэнгүй үнэлгээг хамруулах ёстой.

Мөн аутизмын оношилгоог явуулахад ерөнхий аргачлалуудаас гадна тухайн мэргэжилтэн багийн мэргэшсэн арга зүй байж болно. Түүнчлэн хүүхдийн хөгжлийн түвшинг тогтооход тухайн улс орны хүүхдийн хөгжлийн стандартад тулгууран хөгжлийн үнэлгээг хийх зэргээс шалтгаалан оношилгооны аргачлалууд онцлогтой байдаг. Тухайлбал, БНСУ-ын Severance эмнэлэгийн хүүхдийн сэтгэцийн тасгийн эрхлэгч, сэтгэцийн эмч Сунг Дунг Ху болон түүний мэргэжилтэн багийн оношилгоо (Хүснэгт - 1) болон үнэлгээнд (Хүснэгт - 2) хамрагдсан нэгэн монгол хүүгийн оношилгооны кэйсийг та бүхэнд танилцуулъя.

Хүснэгт – 1. Аутизмын оношилгооны жишээ


Нэр: Joseph (кэйс нэр)

Онош: Аутизмын хүрээний эмгэг (ASD)

Тодорхойлолт: Тухайн хүүхэд нь нийгмийн харилцан үйлчлэл дутмаг, хэл ярианы хөгжлийн удаашралтай, мөн давтагдмал зан үйл, хязгаарлагдмал үйлдэл хөдөлгөөний шинж тэмдэг нь “Autism spectrum disorder” хэв шинжид хамаарагдаж байна.

Эмчилгээний төлөвлөгөө: Долоо хоногт 20цагаас дээш Хэл ярианы хичээл (language therapy), Work therapy гэх мэт эрчимт засал хийлгүүлэх ;

Мөн түүнчлэн тухайн хүүхдийн биеийн байдлынх нь талаар эцэг эхэд нь ойлголт өгөхийн тулд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хэрхэн сурган хүмүүжүүлэх тухай эцэг эхчүүдэд зориулсан сургалтанд хамрагдах;

1 жилийн турш эрчимт эмчилгээ засал хийлгэсний дараа дахин сэтгэхүйн тест авах хэрэгтэй.

2014-11-15

“Severance” эмнэлэгийн хүүхдийн тасгийн эмч Сунг Дунг Ху

Хүснэгт – 2. Сэтгэл зүйн үнэлгээний жишээ

Нэр: Joseph

Хүйс: Эрэгтэй

Төрсөн он, сар, өдөр: 2010.01.21

Нас: 4 нас, 8 сар

Үнэлгээ хийсэн сэтгэл зүйч: И Сир А

Үнэлгээ хийсэн он, сар, өдөр: 2014.10.26

Хүүхдийн хөгжлийн үнэлгээ

Тестүүд:

1. Korean-Wechsler Preschool and Primary Scale of Intelligence (K-WPPSI)

2. Social Maturity Scale (SMS)

3. Korean-Child Development Inventory (K-CDI)

4. Childhood Autism Rating Scale ( CARS )

5. Social Communication Questionnaire (SCQ)

6. Social Responsiveness Scale (SRS)

Үнэлгээний дүн:

Оюуны түвшиний тест -1 > Korean-Wechsler Preschool and Primary Scale of intelligence(K-WPPSI )

Энэхүү тестийн үр дүнд: Тухайн хүүхэд нь өгөгдсөн зүйлд хариу үйлдэл үзүүлэх болон тухайн тестийг хийх явцад анхааралаа хандуулж чадахгүй, зааврын дагуу тестийн өгөгдлийг ойлгож дагаж хийж чадаагүй ба зөвхөн багшийн шаардлагын дагуух үйлдлийг л хийсэн. Мөн тестийг бүрэн хийж чадаагүйгээс тестийн үр дүн нь хязгаарлагдсан. Хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулах шаардлагатай ба түүнчлэн үйл хөдөлгөөний хувьд зохих хэмжээнд тогтвортой барьж хянах түвшинд хүрсний дараа (K-WPPSI) тестийг авахыг санал болгож байна.

Аутизмын зэрэглэл

Бага нас хүүхдийн Аутизмын шинж байдлын үнэлгээ (CARS): Нийт : 37.5оноо : Хүнд хэлбэрийн Аутизм

Нийгэм дэх оролцоо, хүнтэй харилцах харилцааны үнэлгээ (SCQ): Нийт: 26 оноо (out off score:16 ) : Significant social communication problems

Нийгмийн харилцааны чадавхын үнэлгээ (SRS )

Нийт оноо: 109: Behavior deficits consistent with a Dx of PDD-NOS: Нийгэмд өөрийгөө илэрхийлж тухайн зүйлсийг ойлгох, харилцах гэсэн оролдлого, юмыг сонирхох сонирхол хязгаарлагдмал. Мөн утга учиргүй давтагдмал үйлдэл хөдөлгөөн хийх зэрэг хөдөлгөөний хэлбэр нь нийгмийн харилцааны чадварын хувьд хүнд хэлбэрт орно.

Өсөлт, бойжилтын тест (SMS)

Эцэг эхээс нь авсан хүүхдийн өсөл бойжилтын тестын хариу болно. Оюуны нас нь 1нас 10сартай бөгөөд нийгмийн индекс (Social Quotient)-ээр 39.40-ээр оюун ухааны хүнд хэлбэрийн хомсдолтой байна.

Self help- Бие засах, хооллох, хувцас өмсөх тайлах, эрүүл ахуй, гоёх зэрэгт хамаарагдах биеийн хөдөлгөөний чадвараар хэмжилтийг дүгнэнэ.

SHG>self-help general: 1нас 6сар

SHE>self-help eating: 1нас 6сар

SHD>Self-help dressing: 2нас 2сар

Хүүхдийн өсөлт, хөгжлийн тест (K-CDI )

Нийт хөгжлийн хувьд 14.5 сартай хүүхдийн түвшинд байгаа бөгөөд ялангуяа харилцаа, өөрийгөө илэрхийлэх үг хэл, үгийг ойлгох түвшин нь 6 сартай хүүхдийн түвшинд байгаа нь нэн хоцрогдолтой байна.

Хэмжүүр

Агуулга

(K-CDI ) үнэлгээний утга

Өсөлтийн бойжилтын насны хувьд (сараар)

Түвшин

Харилцаа

Ганцаарчилсан болон бүлгийн харилцаанд оролцох тохиолдолд эцэг эх, хүүхдүүд, бусад том хүмүүстэй харилцах харилцааны өсөлт хөгжлийн хувьд

6

Удаашралтай

Хүүхэд өөрөө биеэ дааж хийх хөдөлгөөн

Идэх, хувцас өмсөх, усанд орох, бие засах, гэх мэт биеэ даах чадвар болон үүрэг хариуцлагын талаарх ойлголтын хөгжлийн хувьд

17

Удаашралтай

Ерөнхий булчингийн хөдөлгөөн

Алхах, гүйх, өгсөх, үсрэх, суух, тэнцвэрээ барих, мөн гар хөлийн булчинг хараатай уялдуулан хөдлөх биеийн өсөлт бойжилтын хувьд

24

Удаашралтай

Туслах жижиг булчингийн хөдөлгөөн

Нүд болон гарын тусламжтайгаар эд зүйлсийг өргөж тавих хөдөлгөөнөөс эхлэн зураг зурах гэх мэт нүд болон гарны булчинг хамтад нь гүйцэтгэх хөдөлгөөний өсөлт хөгжлийн хувьд

13

Удаашралтай

Илэрхийлэх хэл ярианы хэв маяг

Энгийн дохио зангаа, дуу авиа, үг авиатай үйл хөдөлгөөнөөс эхлэн илүү нарийн нийлмэл үг хэлээр өөрийгөө илэрхийлэх хүртэлх харилцааны хувьд

9

Удаашралтай

Хэл ярианы ойлголцол

Энгийн ойлголтоос эхлэн төсөөллийн ойлголт хүртэлх хэл ярианы ойлголцлын хөгжлийн хувьд

6

Удаашралтай

Үсэг

Бичих, унших гэх мэт зүйлийг хамруулан өгүүлбэр болон үгийг ойлгох хөгжлийн хувьд

12

Удаашралтай

Тоо

Энгийн тоо тоолохоос авахуулан хялбархан өгүүлбэртэй бодлого бодох зэрэг тооны талаарх ойлголтын хөгжлийн хувьд

12

Удаашралтай

Ерөнхий өсөлт бойжилт

Хөгжлийн ерөнхий индексээр хураангуйлбал, дээрх хэмжилтээс насны ангиллын чадавхаас хамгийн их эзлэх 10 асуултыг тусгасан. (Зөвхөн үсэг болон тоо хэмжилтийн тус бүрийн 5 асуултыг багтаасан)

14.5

Удаашралтай

Товч Агуулга & Санал

- (Social age) - 1нас 10сар, (Social Quatient) - 39.40-өөр оюун ухааны хомсдолын хүнд түвшинд байна.

- Ерөнхий хөгжлийн түвшин нь14.5 сартай байна.

- Бага насны хүүхдийн Аутизмын түвшиний үнэлгээгээр CARS-ийн нийт оноо нь 37.5 – Хүнд хэлбэрийн Аутизмын хүрээнд багтаж байна.

- Тухайн хүүхэд нь нийгмийн харилцан үйлдэл чадварын хувьд сул, даган дуурайх зэрэг үйл хөдлөлийн хувьд хоцрогдолтой, мөн түүнчлэн утга учиргүй давтагдмал хөдөлгөөний хэв шинж, тоглоомын сонирхол бага ба ямар нэгэн зүйлийг амруугаа хийх гэх мэт үйл хөдөлгөөнөөр Autism spectrum disorder шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Танин мэдэхүй хөгжлийн хувьд тухайн хүүхдийн одоогийн байгаа байдал нь анхаарал төлөврөх болон үйл хөдөлгөөнөө хянах зэрэг тал дээр хүндрэлтэй ба үнэлгээ хийлгэх боломжгүй байсан тул анхааралыг нь төвлөрүүлэх сургалтанд хамруулсны дараа дахин үнэлгээ өгөхийг хүсч байна.

Clinical Psychologist И Си Ра

Клиникийн сэтгэл зүйч 431дугаар, Мэдрэл зүйн Эрүүлийг хамгаалах Клиник сэтгэл зүйч 1 зэргэлэлийн 685 дугаар Ким Хён Ми

Энэхүү кэйсээс харахад, хүүхдийн хөгжлийн үнэлгээ солонгос хүүхдийн стандарттай харьцуулагдсан учраас үнэлгээний дүн бодитоор гарсан эсэх нь эргэлзээтэй юм.

Аутизмтай ойролцоо шинж тэмдгээр илэрдэг хэд хэдэн эмгэг байдаг. Тиймээс тэрхүү эмгэгүүдээс ялгаж оношлох нь чухал юм. Тэдгээр нь:

1. Ерөнхий хөгжлийн эмгэг /PervasiveDevelopmental Disorder, Not Otherwise Specified PDD-NOS/ нь аутизмын шинж тэмдэгтэй ижил байдлаар илэрдэг боловч хараахан аутизмын зарим шалгуур шинж илэрдэггүй. PDD-NOS-ийн үед нийгэмшил болон харилцааны асуудал илэрдэггүй. Ерөнхийдөө, үйл ажиллагааны хувьд дээд түвшний байдаг ба эмчилгээ, заслын үр дүн илүү өндөр байдаг.

2. Аспергерийн эмгэг. Энэхүү эмгэгийг 1944 онд Германы эмч Ганс Аспергер тодорхойлсон. Аспергерийн эмгэг хэмээн оношлогдсон хүүхдүүд нь 4 наснаас өмнө тодорхой, ойлгомжтой ярьж сурсан байдаг бөгөөд үгийн сан болон дүрмийн хувьд хэвийн харилцааны шаардлага хангахуйц байдаг. Тэдний яриа нь заримдаа хий хоосон байх ба дуу хоолойны өнгө нь сэтгэл хөдлөлгүй, нэгэн хэвийн хандлагатай байна.Тэдний харилцан яриа нь өөрийн сонирхолд төвлөрсөн байна. Аспергерийн эмгэг нь бодит, шууд дүрслэх сэтгэхүйгээр тодорхойлогддог. Энэхүү эмгэгтэй хүмүүс нь ихэнхдээ обсесстой байх ба цаг агаар, хөгжим, шинжлэх ухаан, түүх гэх мэт тодорхой сэдвүүдийн тухай бодол салдаггүй. Үгэн харилцааны чадвар нь дундаж болон дунджаас дээгүүр байдаг бол харааны хүртэхүйн зохион байгуулалт нь дунджаас доогуур байна. Аспергерийн эмгэгтэй, оюун ухааны дундаж түвшинтэй хүнийг аутизм гэж таамаглах хандлага байдаг ба мөн аутизмын өндөр үйл ажиллагаат хэлбэр Аспергерийн эмгэгтэй төстэй байдаг. Гэхдээ Аспергерийн эмгэг нь зөвхөн ганц л хэлбэртэй байдаг.

3. Реттийн хам шинжньзөвхөн охидод тохиолддог эмгэг бөгөөд 6 сараас 18 сарын хооронд илэрдэг. Зарим онцлог шинжээс нь дурдвал: хэл яриа нь алдагдсан, гараа эргүүлэх давтагдмал хөдөлгөөн, биеэ займчих, нийгмийн харилцаа хязгаарлагдмал байх ба мөн толгой нь том байдаг. Зарим тохиолдолд хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдолтой байдаг.

4. Бага насны хүүхдийн чадвар алдагдах эмгэг /Childhood Disintegrative Disorder (CDD)/.энэхүү эмгэгийн үед 2 нас гартал хөгжил нь хэвийн явагдах боловч хүүхэд чадвараа аажмаар алддаг. Хүүхдүүд өмнө эзэмшсэн үйл ажиллагааны чадвар болон хэл яриаг ойлгох, илэрхийлэх чадвар, нийгэмшил болон дасан зохицох чадвар нь алдагддаг.

Аутизмыг оношлоход ашиглах үзүүлэлтүүдийг 1978 онд М.Раттер тодорхойлсон ба тэдгээрийг одоо хүртэл сэтгэц-оношилгооны практикт өргөн ашигласаар байна. Үүнд:

  • Оюун ухааны хөгжлөөс үл хамааран нийгэмших үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлттэй,
  • Оюун ухааны хөгжлөөс үл хамааран хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой,
  • Тогтсон, өөрчлөлтгүй орчныг эрхэмлэх, эд зүйлтэй хийх давтагдсан үйлдэл, орчны өөрлөлтийг эсэргүүцэх үйлдэл давамгайлах,
  • Эмгэгийн голлох шинж 2 нас хүрэхээс өмнө илрэх онцлогтой байна.

Аутизмтай хүүхдүүдийн харилцаа нь хязгаарлагдмал, сонгомол шинжтэй тул туршилт хийхэд бэрхшээлтэй байдаг. Иймд хүүхдийн өвчний түүхийг эцэг, эхээс ярилцлага авах зарчмаар бичих, харилцаа ба үйл ажиллагааны ажиглалт хийх замаар судална.

Аутизмын эмгэгийн оношилгоо нь мэргэжилтэн багийн хамтын үйл ажиллагаа байх бөгөөд тухайн эмгэгийн талаар мэргэжилтнүүдээс зохих туршлага, мэргэжлийн бэлтгэх шаарддаг цогц үйл ажиллагаа юм. Аутизмын эмгэгийн оношилгоонд сэтгэл зүйчид тухайн хүүхдийн оюун ухааны чадвар болон зан үйлийн илрэлийг үнэлэх үүрэгтэй оролцдог.

Тус эмгэгийг оношлоход түүний шинж тэмдгүүдийг таньж илрүүлэхээс гадна ойролцоо шинж тэмдэг бүхий эмгэгүүдээс ялгах зэрэг нарийн үйл ажиллагаа шаардддаг. Мөн оношилгооны үр дүнд аутизмын эмгэгийг тодруулахын зэрэгцээ түүний хэлбэр, хүндийн зэрэглэлийг тогтоох мөн цаашид хамрагдах сургалт, заслыг тодруулж өгдөгөөрөө ач холбогдолтой юм.

Монгол дахь аутизмын эмгэгийн оношилгооны практик нь албан ёсны оношилгооны түвшинд бус харин байж болзошгүй тохиолдлыг илрүүлэх шинж тэмдэгийн үзлэгийн түвшинд байна гэж үзэж байна. Учир нь, албан ёсны ялгах онош тавихад мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа дутмаг байгаагийн зэрэгцээ аль ч мэргэжилтний хувьд ялгах онош тавих мэргэжлийн бэлтгэл, мэргэшил дутмаг байна.

Түүнчлэн оношилгооны аргачлалуудыг орчуулж, монгол хүүхдийн онцлогт тохируулан буулгах зэрэг аутизмын оношилгоог сайжруулах, монголд албан ёсны оношилгоог хийдэг болоход сэтгэл зүйч бидний үүрэг оролцоо их байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль, Боловсрол судлал сэтгүүл №427 (15), "Аутизмын оншилгооны асуудалд" Сэтгэл зүйч И.Бумбаяа


Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 9-р сарын 28, Даваа гариг, 08:46